Tuesday, May 14, 2013

"Анхны бүтээл"-д сойсон радио хөрөг


Өвөө бидэн хоёр
/Эхлэл хөгжим/
            Хар өглөөгүүр гал түлээд хамаг толгой тархи эргүүлээд хаячих юм гэж  ах эгч нар их л ууртай сэрдэгсэн.Өвөөд ундууцаж байгаа нь тэр.Аргагүй дээ,үүрээр сэрчихээд гал түлж, бидний унд цайг бэлтгээд нэг их чухал ажилтай хүн шиг яаран гардагсан даа, миний өвөө...                                                                                        
Өвөөг хэзээ сэрсэнийг ,хаашаа явсаныг хэн ч мэдэхгүй бүгд унтаж хоцордог ч  өвөөгийн түлсэн галын халуунд сэрцгээж  байхгүйг  нь анзаарна.
/хөгжим/
Их үдийн алдад өвөө хоёр гараа зөрүүлэн нуруугаа үүрээд,ямар нэг юмаа гээчихсэн юм шиг  доош харан тонголзож, хөлөө энд тэнд тавин алхалсаар буцаж ирнэ.Аав: “хоол ундаа ч идэхгүй өдөр болтол хаачдаг байнаа та ,гэртээ  амраад  байж бай л даа гэж өвөөг зэмлэнэ.Өвөө яг л аав ээждээ загнуулж байгаа хүүхэд шиг доош харан дуугүй сууна.Надаас ялгарах юм нь өнөө дүнсэн улаанаа бүдүүн гэгч нь ороогоод уугиулж гарна даа.
Би өвөөг гэрт байвал дэргэд  нь эрх хав шиг л эрх дархтай амьтан.Өвөөгийн дэргэд суухад буурал үснээс нь дүнсэн тамхины үнэр  сэнхийж ,над руу харах зөөлөн харцнаас нь хайр гэрэлтэж,хар бор ажил хийсээр моонийсон гараараа толгойг минь илэхэд нэг л дулаан мэдрэмж төрдөг байж билээ.
Өвөө бусдаас илүү надад хамгийн их хайртай.,Ахыгаа өдөж цохичихоод зөрүүлээд гараа далайхад нь л уйлчихна.Өвөө бурууг минь мэдсэн мөртлөө л намайг өмөөрнө.Үгүйдээ л чихэр тараасан ч надад нэг  юмуу хоёрыг заавал илүү өгнө.Өвөө бид хоёр бие биенийхээ нууцыг хадгална.Намайг буруу хэрэг хийвэл аав ээжээс нууна.Бид хоёр тэндээ л нэг булагнаж байгаа нь тэр.
            Өвөө тэтгэврээ авахаар явахдаа  намайг ёс юм шиг дагуулж явна.Учир нь өвөө заншил ёсоор авсан ганц шил юмаа надаар хоёр жижиг цэвэр усны саванд хийлгэж авах гэж тэр.Мундаг нарийн  арга олсон байгаа биз.Би ч тэр ажлаа сайн хийхээр барахгүй хөөрхөн шан хүртчихнэ. Би ч хахуулийг нь авсан болохоор цоожтой авдар л гэсэн үг.Манайхан мэдчихээд өвөөдөө архи уулгалаа гэж загнавал өвөө архи уугаагүй ш дээ гэж улаан цагаан мэлзэнэ.Бид хоёр гэж нэг иймэрхүү...
Анх сургуульд ороод цагаан толгой цээжилж хэдэн үсэг сийлэх гэж мунгинаж суухад өвөө л гарыг минь барьж зөв бичиж сургасан.-Миний хүү балаа зөөлөн дар,нэг шугаманд цэх бич гэх өвөөгийн үг багшийнх шиг аядуухан бас дотно.Одоо миний өдий зэрэгтэй  яваа  өвөөгийн минь  л эрдэм.
Ах эгч нартай ам муруйх үед өвөө Эвтэй бай миний хүүхдүүд гэж сургана.Тэр үедээ үгийг нь авч хэлэлцдэггүй байсан ч одоо бодоход хамгийн үнэн хамгийн хэрэгтэй үг байжээ.
Өвөө юмханаар юм хийдэг гарын дүйтэй хүн байж билээ.Гэрийн зуух,хогийн шүүр,галын хутгуур,тогооны хусуур,сандал ер нь гэрт хийх юм мундахгүй,өвөө л бүгдийг хийчихнэ.Бас болоогүй ээ,гэртээ,ахынд бүр хөрш  айлдаа хүртэл  хүртээхийг бодно.Тэр бүхнээ өглөө бүр эртлэн гарч энд тэндээс бөөгнүүлж ирсэн өөрийн цуглуулга дундаасаа эвлүүлээд шинэ юм шиг болгоно.Энэ нь өвөөгийн эвлүүлэх авъяас бус өнөө эв нэгдэл хэмээх үгийн хүч гэлтэй.                                                
Уг нь миний  өвөөг  Гомбожавын Баатар гэдэг. хүний их эмч хүн л дээ...
Хаана л хүн өвдөж зовно тэнд хамгийн түрүүнд очоод эм тариа ,энэ тэр болоод суудагсан.Ямар сайндаа л хажуу хөрш айлын эгч даралт харвах гээд байна гээд долоовор хуруугаа өргөчихөөд өвөө дээр орж ирж байхав дээ.Эмнэлэг дуудахгүй яагаав гэж өвөөг асуухад хажууд жинхэнэ эмч байхад халтуурны сувилагчаар яах вэ дээ,гэж билээ.
         Хааяа жаахан юмхүртчихээд миний охин өвөөдөө ир гээд байн байн үнсэж,миний муу бондгор бор гээд өхөөрдөнө.Түүнийг нь харсан ээж –“Өвөө охин хоёр ажлаа хийж дээгээд инээдэгсэн.Өвөө бид хоёр тэрүүхэндээ л нууцаа задлахгүй гэж хичээдэг байсан ч үнэндээ тэд бидний нууцыг  хэдийн мэдчихээд биднийг цаашлуулна.Өвөөг шоолж гэрээр нэг инээд хөөр болоход өвөө –“За за тэр яах вэ,бүгдээрээ хөзөрдьегэнэ.Хөзөр бол өвөөгийн эзэмшсэн хоёрдахь мэргэжил нь.Хэр баргийн хүнд хожигдоно гэж байхгүй.Хожих нь гарцаагүй болоод ирвэлХөзрын сайнаар биш ухаанаар хождог юмаагээд  сүүлийн модоо  ширээн дээр тас хийтэл шидчихнэ.Тэр үед миний бяцхан цээжинд нар мандах шиг баярлана.
         Хөөрхий, өвөө минь хүний өөрийн нийлсэн 12 хүүхдээ хүнээс дутахааргүй өсгөж бүгдийг нь ажил амьдралын замд нь оруулаад өөрийгөө ч гэх завдалгүй бидний төлөө л гэж явсаар хорвоогийн мөнх бусыг үзсэн дээ.
/хөгжим/
              Одоо манайд өвөөгийн намайг нэгдүгээр ангид ороход хийж өгсөн жижигхэн бор сандал бий. Тэр сандал дээр суугаад гэрийн даалгавраа хийнэ.Өвөөтэйгээ  нарлахаар гарахдаа бариад гарна.Хашааны гадна өвөө газар завилаад сууна.Харин би өнөө бор сандал дээрээ цомцойгоод өвөөтэйгээ том хүн шиг хууч хөөрч эхэлнэ.Тэр гэгээхэн өдрүүд саяхан мэт боловч өнөөдөр би аль хэдийн хорь гарсан бүсгүй болжээ.Өвөөгийн сандал дээр одоо суувал надад арай л жижигдэх байх даа.Уг нь тэр сандал анх шар байсан юм.Хар модоор хийсэн болохоор өргөж явахад хүнд гэж жигтэйхэн.Гэсэн хэдий ч би тэр сандалдаа их дуртай.Надаас хойш ах эгч нарын хүүхдүүд ирэхдээ сууж, гадаа гэртгүй чирж явсаар өнгөлсөн юм шиг л гялгар бор болгосон доо.Тэр сандал өвөө бид хоёроос хойш хэдэн ч хүний гараар орсон юм бүү мэд.Тэгсэн мөртлөө одоогийн гар хийцийн сандалнаас хамаагүй бөх.Өвөөгийн холч ухаан,эв нэгдлийн хүчээр бүтсэн болохоор тэр.
Тэр жижигхэн бор сандлыг харах болгонд өвөөтэйгээ өнгөрүүлсэн хүүхэд насны он жилүүд өнөөдөр мэт сэтгэлд ойрхон санагдана.