Sunday, May 12, 2013

Согтуу хүн гэж байхаас согтуу улс гэж баймааргүй … ./ асуудал дэвшүүлсэн тэмдэглэл/

Залуу нас л юм даа.... Түм түжигнэж бум бужигнасан,хэн нь хаана юу хийгээд байгаад нь үл мэдэгдэх ,нүд сохлом олон өнгийн гэрэл солонгорч,электро дэйнс хөгжим нүргэлсэн их хотын залуусын орох дуртай өнөө диско клубд зогсож байлаа.Найзынхаа гуйлтаар анх удаа ийм газар орж байгаа маань энэ.Хөдөөнөөс хотод ирээд дөрвөн жилийн нүүр баар,цэнгээний газраар орж үзээгүй байсан нь багын даруу ноомой зангийн илрэл биз ээ. Танхимд солонгосын төдийгүй дэлхийн хэмжээний од болсон дуучин Psy-Gangnam style дуу чангаар эгшиглэж бүжгийн талбайд залуус гар хөлөө сарвагануулан хайш яайш хөдөлнө,миний суусан ширээний баруун талд хижээл насны эрэгтэй эмэгтэй хоёр бие биенийхээ чихэнд үг шивнэнэ,дэргэд минь 20 гаруй насны залуу нилээд согтсон шинжтэй баарны хамгаалагчтай ам муруйж зогсоно.Хачирхалтай нь танхимд байгаа бүх хүний гарт,ширээн дээр нь архи,пиво байгаа нь сонин санагдлаа.Гэтэл ийм газар орсон хүнбүр бара согтууруулах ундаа хэрэглэхгүй бол онигоо гэсэн утгатай үгийг найзаасаа сонсоод би мэл гайхаж орхисон юм. Өөрийгөө хаана явна вэ?гэж бодлоо.Энэ нийгмээс тасраад бүүр ард хоцорчихсон юм биш биз дэ эсвэл хүмүүс миний төсөөллөөс халиад явчихсан уу?эсвэл би бөөн архичдын цуглаан дээр ирчихэж гэж элдвийг бодон суух зуур гэнэт бөөн үймээн болж танхим дотор байсан залуус хоёр нь хоёроороо,гурав нь гурваараа болж нэг нэгэнтэйгээ зодолдож эхлэх нь тэр.Би ч айсандаа баарнаас гүйн гарлаа танхимд буй согтуу хүмүүсийн дуу хөгжмийн дуунаас давж тэнд багахан шиг дайн болж байгаа нь гадна байгаа надад ч мэдэгдэнэ.Харамсмаар нэг зүйл нь тэнд ихэнхи нь ид сурч боловсорч,ажиллаж хөдөлмөрлөн,эх орноо хөгжүлэх залуус байсан нь миний сэтгэл рүү томоос том өргөс хатгах шиг санагдсан юм.Гэтэл өнөөдөр монголд түүнтэй адил олон баар,цэнгээний газар байшин болгоны булан тохойд ажилладаг гээд боддоо.Хайран залуу нас ,хайран монголын ирээдүй ...Хүн хөгжиж цэнгэж үеийн найз нөхөдтэйгээ дарвиж болноо тэрийг хэн ч хорихгүй.Гагцхүү архи хэмээх ундаанаас хол яваач дээ,ээж аавынхаа махаа идэж цуглуулсан хэдэн бор төгрөгийг архинд бүү үрээч дээ гэж тэр гэнэн,болчимгүй залууст хэлэхийг хүснэ. Гадаа жихүүн салхи үлээж хавирга нэвтэлнэ, баарны танхимд хоцорсон залуусын орилоон улам чангарч сэтгэлд түгшүүрийн харанга дэлдэнэ. Тэр залуус маргааш нь эрүүл ухаантай сэрээд өөрийгөө,ирээдүйгээ өнгөлгөөр тольдоосой билээ.Ухаан,хүн чанар хоёроо л битгий уугаасай билээ.Хөөрхий дөө,залуу нас л юм даа...
 Амьдрал тэгширэхийн цагт... Хэнээс ч юу ч гуйхгүй,хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө амь амжиргаандаа хүргээд байдаг энгийн атлаа овсгоотой хүмүүс бас нийгэмд бий.Ажлынхаа хажуугаар өөр мэр сэр цагийн ажил хийнэ,хүний ажил хийж өгөх гээд элдэв арга сүвэгчилэн амьдралаа авч яваа тэдэнд архи бас л том даваа... Миний нэг танилын ах байдаг юм.Өөрийн гэсэн тогтсон ажилтай,гэр бүлтэй,хотын төвд тохилог сайхан 3 өрөө байртай.Гэвч ах маань бараг өдөр бүр халамцуу эсвэл бүр согтуу ирдэг.Сэтгэл санаа нь хямраад байгаа юм болов уу гэхээр ер тийм зүйл ажиглагдахгүй тэгсэн атлаа орой бүр ажлынхантайгаа яваад ирлээ гэсэн этгээд хариултыг эхнэртээ өгдөг гэнэ.Сонин шүү.... Нэг хэсэг нь тушаал ,хэргэм ахих гэж дарга нараа дайлж цайлах гэж сархадтай нөхөрлөнө,зарим нэг нь найз нөхөд ,ажлынхантайгаа дарвин архины найз болно.Хэсэг зарим нь асьдрал сайхан тэгширлээ гэж зугаа цэнгэл хөөж архины боол болдог нь манай нийгмийн бичигдээгүй бас нэгэн хууль.Аливаа ажил хэргийг амжилттай ,маргаангүй шийдвэрлэе гэвэл архи хамгийн сайн зохицуулагч нь.Ажил мэргэжилдээ ахиц гаргая гэвэл сархад түүнийг саадгүй бүтээнэ,хамгийн сайн найзаа олоход ч мөн хэрэгтэй болдог нь мөн л өнөө гашуун ундаа.Гэвч тэдний өнөө гашуун ундаа ажил амьдрал,аяга хоолноос нь хүртэл салгаж чадах шидтэй. Ингэхээр энэ бүлгийн хүмүүс дотор архийн огт хэрэглэдэггүй хүн хуруу дарам цөөн өнөө адгийн муу гэгддэг “бөбөчид”-өөс ер нь дутахааргүй өдөртөө биш юмааа гэхэд долоо хоногтоо заавал нэг хүртдэг гэнэ.Ингэхээр тэд хатуугаар хэлэхэд ажилтай ,орлоготой,амьдралтай соёлтой архичид. Ер нь яагаад тэд энэ гашуун идээгүйгээр ажил амьдарлаа зохицуулж амьдарч болдоггүй юм болоо?Хариулт нь бидэнд бус нийгэмд маань байгаа.Тэрийг хэн ч харж чадахгүй гэхдээ өөрчилж шинэчилж чадна. Амьдрал нь тэгширээд ирэхийн цагт сархад бурхан мэт тахигдаж,арчаагаа алдахын цагт сархад амь тогтоогч шидэт ундаа болдог эмгэнэлтэй дүр зураг нийгэмд маань ноёлсоор...
Бүгд намайг хүн гэж тоогоогүй байхад архи намайг голоогүй... “Бүгд намайг хүн гэж тоогоогүй байхад архи намайг голоогүй” гэж шавар ,шавхайндаа холилдсон муу сэмэрхий цамцныхаа энгэрээс зууран орилох хижээл насны эрийг хараад нүд хальтирлаа.Урдаа бор картонон хайрцаг тавьчихсан , -Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэж зөв буруу хоолойгоор дуулсан түүнд архи хэмээх ундаа хаврын хавсаргатай өдрийг давах хүчийг бас хэнээс ч ичихгүй хүссэнээрээ үгээ хэлэх их зоригийг хайрлажээ.Сонин шүү,амьдрал сайн сайхан зүйлээр баялаг атлаа басхүү хар бараан нь түүнээс дутахааргүй олон байдаг ажээ.Түүний дэргэд очиж хайрцганд нь 500 төгрөг хийгээд нүд рүү нь хартал түүний харцнаас хаа нэгтээ орхигдсон дурсамж нь нэвт харагдлаа .Хэзээ нэгэн цагт тэр бусдын л адил сайн ажил,сайхан амьдрал,гэр бүлтэй л байсан байх.Архи гэдэг гашуун ундаанаас болоод тэр хайртай бүхнээ,амьдралаа ,ирээдүйгээ алдсан нь харамсалтай.Тэр сайхан бүхнээ алдаад амьдралаа түүгээр сольсон нь амьдралдаа хийсэн хамгийн тэнэг,хамгийн болчимгүй алхам байсныг хөөрхий ухаарч ойлгож чадаагүйдээ өдийг хүртэл энэ бартаат замыг сонгосон байж мэднэ.Сархад савнаасаа бусдыг давна гэж тэр сав байтугай бүхэл бүтэн хүний амьдралыг ,ирээдүйг хулгайлж чаддаг нь аймшигтай басхүү эмгэнэлтэй... Ухаарахуй... Бидний өвөг дээдэс ирээдүйг харсан мэт их утга учир ,ухаарал хайрласан үгсийг бидэндээ хэлж үлдээжээ.  Дөч хүрээд дөнгөж амс Тавь хүрээд тавьж уу Жар хүрээд жаргаж уу  Сархад савнаасаа бусдыг дийлнэ.  Аманд орохдоо ардаг шумуул мэт амнаас гарахдаа арслан барс мэт. г.м олон мэргэн үгийг бидэнд захиас болгон үлдээжээ. Гэтэл бид тэр үгсийг нь мэддэг мөртлөө ухаараагүй,ухаарсан атлаа хэрэгжүүлээгүй явсаар архинт далайд ард түмнээрээ живэх аюулд хүрээд байна. Хүүхэд багачууд нь архийг сонирхон ууж үзэж,архины хар гайгаар эцэг ,эх ,хэн нэгний хүчирхийллийн бай болж,залуус нь архинд мансууран цэнгэж ,гэмт хэргийн хохирогч ,хохирогдогч болон хувирч ,сайхан амьдралтай нь жаргалдаа ташууран архиар амьдарлаа сольж монголчууд бид нас,хүйс,ажил орлого,хэн гэдгээ ч үл мартан архин далайд хөл алдан сэлнэ. Техник технологи,хэвлэл мэдээлэл өргөнөөр ашиглагдаж,хөгжиж байгаа өнөө үед телевиз радио нь архийг сурталчилж хүүхэд залуусаа буруу зам руу хөтлөн,гадаа гудманд нь хүмүүс бид өөрсдөө өөрийн биеэр реклам тоглож байхад ирээдүй хойч маань түүнээс сайн зүйл сурахгүй нь лавтай. Саяхан манайхан ,манайхан ч гэж улс тив даяараа 12 сарын 21нд дэлхий сөнөнө гээд бөөн үймээн шуугиан болж зарим нэг нь өөртөө “газар аваад” бэлтгэлээ базаасан ч байх шиг.Гэтэл амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж ,алтан наран илчээ бидэнд харамгүй хайрласаар өдөр хоногууд өнгөрч л байна.Харамсалтай нь дэлхий сүйрсэнгүй.Яаж ч сүйрхэв дээ ,бүхэл бүтэн 4,5 сая жилийн настай дэлхий ээж маань бидний хэдэн зуун дамнан амьдарсан ч дуусахааргүй тийм урт настай байхад уу... Харамсалтай нь монголчууд бид монгол улс минь архин далайд мансууран живж сөнөх цаг ойртсоор байна уу даа.Хүмүүн та энийг нэг сайн бодоод үзээрэй.Хүүхэд хөгшид,залуус ялгалгүй сархад хэмээх ундаа “Азийн цээжинд орших” аугаа их үндэстнийг минь залгих вий дээ.Би айж байна бас хүлээж байна.Үүнийг өөрчлөх ,шинийг эрэлхийлж архинаас эх орноо хамгаалах эр зоригт залуусыг харж байна.Тэд монголдоо, бидэн дунд алхаж яваа.Тэдний нэг нь хүмүүн та...

No comments:

Post a Comment