Tuesday, May 14, 2013

Дунгаамаа /өгүүллэг/


Сэвшээ салхи сэр сэр хийн сэвэлзсэн зуны эхэн сарын нэгэн орой Идэрхүү  хэдэн адуугаа залаад буцаж явлаа.Унаган наснаас нь эхлэн хайрлан хариулж явсан хээр морь нь өдгөө түүнийг тэнгэрийн хаяанд ч хүргэж  чадах тийм сайхан эрэмгий хүлэг болжээ.Хээр морь Идэрхүү хоер идэр залуу хийгээд эр бяр нь тэгширсэн  ёстой л эрийн сайхан ,  хүлгийн сайн хоёр зохицсон гэлтэй. Өндөр Хайрханы орой дээрээс Сэрүүний голын  хөндийд сүүмэлзэх саахалт айлуудыг харуулдан өдөр голын хөвөөнд уулзан танилцсан тэр нэгэн бүсгүйн тухай бодон  хэсэг зогслоо.Голын хөвөөнд эргээ даган хөвөх хун адил цагаан гэрүүд дундаас Долгор эмгэний умгар бор гэр илт содон харагдана.Тэр зүг дуран тавилаа...
Гэрийн гадаа залуу бүсгүй суугаа харагдлаа.Долгор эмгэний ганц охин Дунгаамаа гэрийнхээ хаяанд нууцхан нулимсаа арчин , сэтгэл доторх бөөн хар үүлийг хаашаа хөөхийг мэдэхгүй шаналж суугааг залуу эр хэрхэн мэдэх билээ.Дунгаамаа бол дуунд гардаг шигээ гуа үзэсгэлэн төгс , дөлгөөхөн харцтай ,зуны халуун наранд үл мэдэг борлосон тэгш царайтай , уртаас урт хар гэзгээ хоёр салаа сүлжиж тавьсан , гандуухан ягаан торгон тэрлэг нь тун ч сайхан зохисон дөнгөж арван наймхан настай охин билээ.Дунгаамаа хөгшин ээжийнхээ хамт амьдрахын эрхэнд баян Балганыд жилийн дөрвөн улирал ялгалгүй зарцлагдаж ирсэн бөгөөд энэ хувь тавилантайгаа бүрэн эвлэрсэн нэгэн.Баян Балганы ямаан омогтой , он улиран хадгалсан ааруул шиг зөөлрөшгүй хатуу сэтгэлтэй Дэжид авгайн ширүүн гараар хэдэнтээ занчиулж байсан ч өнөөдрийнх шиг зүрхэнд нь хүртэл мэдрэгдэж байсангүй.Хэдэн үхэр тугалыг нь услах гэж яваад зөрүүлж амжилгүй нийлүүлчихсэн учир өнөө адгуу ааштай авгайгаас жавтий хүртсэн нь энэ.Урьд нь хэзээ ч ингэж байгаагүй атлаа энэ удаа үхэр тугалаа нийлүүлсэн нь голын хөвөөнд Идэрхүү хэмээх сайхан залуутай танилцан хол ойрын сонин хачин сонсож түүний ярианд татагдан хэсэг удсаных байлаа.Баян Балганых энэ голдоо л нэр цуутай хоёр гурван мянган  суурь малтай хөрөнгөтэй айл байлаа.  Дунгаамаа тэдний гэрт , гадаах хамаг ажлыг нугалж , өөрийн гэр орон, өвчтэй эхээ асрах ч сөхөөгүй явсаар өнгөрсөн хавар муу эхээ алдсан билээ. Идэх хоол , унтах нойроо умартан хөдөлдөг ч түүнд сайн нэр гэж ер үгүй.Балганы гэрийнхнээс нэг ч сайшаалтай үг дуулаагүй өдийг хүрчээ.Залуухан бүсгүйн сэтгэл гэгэлзэж, юу руу ч юм тэмүүлнэ.Гэнэт  түүний толгойд энэ голын хөэдийд хамаг залуу насаа барах гэж үү? бүсгүй хүний нууцхан хүслээр хүн хартай уулзаж учирах юмсан гэсэн гэнэн бодлууд  эргэлдэж эхэллээ.Саяхан амьдралын хатууд  басхүү Балганы авгайд гомдон уйлсандаа цонхийсон цайсан царайд нь инээмсэглэл тодрон зөөлхөн мишээлээ.Хойд Хайрханы орой рүү ширтлээ.Уулын орой дээрх овооны дэргэд морьтой хүн зогсож байгааг доголон нулимстай нүд нь  арайхийн харж байлаа.Дунгаамаа тэрхүү үл таних хүнд үнэхээр их атаархаж байлаа.Тэр хүн амьдралын оргил адил Өндөр Хайрханы оргил дээрээс Сэрүүний голын хөндийг алган дээр байгаа мэт бүхэлд нь харж байхад Дунгаамаа бүсгүй  Балганы их , бага хоёр гэр хийгээд өөрийн умгар бор гэрээс  холдлоо гэхэд тугалын зэл  хүрдэг учир түүнд саахалт айлуудаас цаашхи хорвоогийн аж амьдрал харанхуй мэт санагдаж байсан юм.Энэ өдрөөс хойш Дунгаамаа бүсгүйн сэтгэл санаа тоштворгүй болж зав л гарвал Хайрханы орой зүг ширтдэг боллоо.Өнөөх морьтой хүний адил хэзээ нэгэн өдөр тэр оргил өөд гарч цээж дүүрэн амьсгалж , хорвоо ертөнцийн өөр олон өнгийг харахыг хүснэ. Басхүү тэр азтай , хийморьтой хүнтэй уулзах юмсан гэсэн бодол бүсгүйг зовоох боллоо.
Өдөр хоног урьдын адил үргэлжилсээр...Дунгаамаа оргил өөд харуулдсаар...
Нар хэвийж , уулсын орой дүнхийн, зөөлөн салхи сэвшин үлээсэн зуны дунд сарын  нэгэн орой Дунгаамаа үхэр малаа саагаад , айраг цагаагаа янзалж дуусаад бор гэрийн зүг алхаж явлаа.Өнөөх Хайрханы орой тийш хараа сунгавал өнөөх хүн ирчихсэн харагдлаа.Өөрийн харсанд итгэлгүй тормогор бор нүдээ нухаад дахин харлаа.Мөөн.Яг мөн гэж амандаа бувтнаад гэр лүүгээ хурдлан алхлаа.Саалинд норсоор халтардсан бор дээлээ өнөөх гундуу ягаан тэрлэгээрээ сольж өмсөөд гарч одлоо.Хайрханы зүг сэтгэл хөл хоёр нь яаран тэмүүлж түүнд үл захирагдана.Хэдэн арван жил энэ амьдралдаа дарлагдсаар хувь тавилантайгаа нэгэнт эвлэрч байсан түүний энэ алхам зөв эсэхэд эргэлзэж байсан ч нүхэндээ ус хийлгээд гарч чадахгүй амь тэмцэж байгаа өрөвдөлтэй амьтан шиг  байхыг тэр хүссэнгүй.Түүний хойноос баян Балганы авгай Дэжид : Хүүе ээ ,хүүш муу гуйлгачин хаачих нь вэ?Том гэрт айраг оруулаад ир!хэмээн хашгичин үлдлээ.Нэгэнт түүнд энд хоргодох зүйл үгүй тул өөрийн амьдралын замыг хайж олохыг хүсэн сэтгэл шулуудан алхлаа.Уулын орой дээр Идэрхүү урьдын адил хэдэн адуугаа харуулдаад зогсож буйг Дунгаамаа хэрхэн мэдэх билээ.Голын хөвөөний жижиг бор гэрээс залуу бүсгүй хурдан хурдан алхсаар уул өөд алхаж буйг хараад Идэрхүү  хэн байдаг билэн хэмээн өврөөсөө дурангаа гаргаад тэр зүг харуулдлаа.Сайн ажваас өнөөх Сэрүүний голын захад тааралдсан бүсгүй нь мөн болохыг ёая л мэдлээ.Ягаан торгон тэрлэгнийх нь хормой салхинд хийсэн ,хоёр салаа урт хар гэзэг нь хоёр мөрийг нь ээлжлэн давж намираад нэг л онцгой харагдана.Идэрхүү балмагдан зүрх нь хүчтэй цохилж мордоод буцаад давхимаар санагдаж байсан боловч гаансаа гарган нэг хоёр сороод арайхийн тайвширч бүсгүйг   тосож очихоор хээр морио хөтлөн уруудан алхлаа. 

No comments:

Post a Comment