Wednesday, May 29, 2013

Монголын нийгэм танд хэрхэн санагдаж байна /ЭССЭ/



Модод тоосоо хөдөлгөж шинэхэн соёолох навчсаа хүлээж,нар хүртэл нэг л дулаан санагдаж,салхи хүртэл зөөлөн үлээсээр эх нутагт минь хавар ирлээ.Наран ургаж,уулсын оройд үүлс хөшилдөн,нарны ээл илчинд цас хайлбартан эх орны минь нэгэн өдөр эхэллээ.                                                                                                                  Хүн бүрийн царай нэг л гундуу,хүсэж мөрөөдөх нь тэс ондоо атлаа хөмсгөө зангидаж хөлөө зөөж ядан алхах нь яг ижил цаанаа л нэг гунигтай санагдана.Арга ч үгүй биз.Хавар гэдэг бол бидний хувьд хамгийн хэцүү улирал.Хөдөөгийн хэдэн малчид маань мал сүргээ онд мэнд оруулаад төл бойжуулах их ажилд дарагдан гэртээ орж цайгаа ч уух завгүй мал ,төл хоёрынхоо хойноос гүйсээр байдаг цаг.Хот суурингийн иргэд цагаан сар,гурван сарын найман,гурван сарын арван найман,дөрвөн сарын нэгэн гээд бараг өдөр бүр нэг баяр тэмдэглэсээр хэдэн  төгрөгөө барсан хоосон ч биш хоолтой ч биш гэмээр өдөр хоногийг өнгөрөөж яваа.Өнөөдөр бидний амьдарч буй нийгэмд ийм нэгэн дүр зураг харагдаж байгааг уншигч та надаар хэлүүлэлтгүй анзаарч яваа биз...Өнөөдөр монголын нийгэм танд ямар санагдаж,хэрхэн төсөөлөгдөж байна та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.
Уран зураг,утга зохиол,уудам орчлонд үй олон өнгө будаг байдаг бол өнөөдрийн монголын нийгэмд хар бас цагаан гэсэн хоёрхон өнгө ядруухан тэнүүчилж явна.Хаашаа ч харсан өр төлбөр гэсэн хүмүүс,хэнтэй ч уулзсан өнөөдрийн хоолоо яаж олхов гэж санааширсан иргэд.Зэрэг зиндаатай,мөнгөтэй хөрөнгөтэй нь энгийн иргэдээсээ цойлоод бурхны амьдралаар замнаж явахад бор тойрогхон өөрсдийгөө болгох гэж яваа иргэд бугийн амьдрал туулж явна.Энэ нийгмийн гашуун үнэн.Өнөөдөр хаана хүний эрх зөрчигдөж ,хэн хохирч ,хэн буруутгагдаж байна вэ?Тэнд өнөө муусайн энгийн иргэд.Албан тушаалтанд хахуул өгөх мөнгө тэдэнд даанч байхгүй.Ар гэрээ яая гэж байж зээл авдгүй л юм бол уучлаарай гээд хаалгаа хаадаг тийм тогтолцоо манайд байна.Аятайхан ажил олж хийе гэхээр тархийг нь биш толгойтой үсийг нь тохсон хувцсыг нь хараад голдог болсон дэндүү гэмээр дэндүү шударга бус орчинд бид амьдарч байна.                                                                                                                         Өнөөдөр гадаа  хүйтэн сандал дээр хэдэн хүүхдийнхээ оройн хоолных нь мөнгийг олоод өгөхсөн гэж бодон ширхэгийн бохь,чихэрхэн зараад сууж байгаа ээж,эмээ,аав хэд байгаа бол?Өөрөө ч өмсөх хувцасгүй өлөн ходоодтой шил цуглуулж яваа хүн хэр их бол?Ингээд бодохоор хоёрхон сая хүн амтай миний монгол хайран хүнээ гаргуунд нь гаргаад зүгээр л нийгмийн шаар шавхруу хэмээн нэрлэж болно гэж үү.Анхнаасаа энэ тэр тэтгэмж,сан,тусламж гэж хэд гурван цаас өгч сонгуульд ялах гэсэн шунахай санаа өвөрлөөгүй бол энгийн иргэд залхуурч хүний гар харна гэж үү?Өөр өөрсдийн чадахаа хийгээд өмсөх хувцас идэх хоолоор дутхааргүй амьдрах их эрч хүч,итгэл тэдэнд байсан.Гэтэл өнөөдөр дөчин сая толгой малтай хоёрхон сая  монголчууд бид арьсан гутал өмсөөд явж чадахгүй байна шүү дээ.Манай дээд эрх мэдэлтнүүдийн хэтэрхий хий хоосон амлалт,хэнэггүйхэн зурсан хэдэн гарын үсэгний цаана хэдэн сая хүн хохирч үлдэж байгааг ойлгож анзаарддаггүйдээ өнөөдөр монголын ирээдүй,монгол хүн ,энэ нийгэм дорой байна.Хатуу ч гэлээ хэлэх гэсэн үг минь хэнээс айхгүй өгүүлэх  гашуун үнэн.Юм бүхэн хоёр талтай.Энэ нийгмийн бурууг эх орны эзэн болсон иргэн бид бас үүрэх учиртай.Хий мөрөөдөж хүний гар харсаар бид цаг хугацаа,эрүүл мэнд,сайхан амьдралаа балладаг дэндүү залхуу улс.Дээд хэдэн дарга нарынхаа амыг хараад алгаа тосоод суучихдаг арчаагүй байдал энэ өнгөгүй,мөнгөгүй нийгмийн хар барааныг дагуулж байгааг сана.Хэн ч, хэзээ ч ,хаана ч ,юу ч хийж болно гагцхүү түүнийгээ хүнд биш өөрийн сайн сайхны төлөө хэмээн сэтгэж энэ нийгмээ өөрчлөхөд ганц ч болов дусал нэмэр болохуйцаар хийх  хэрэгтэй.
Нийгмийг хүмүүн бид түүхэн амьдралынхаа явцад бий болгож түүндээ нийгэмшин соёлжиж ирсэн бол өнөөдөр нийгмийнхээ боол нь болчихоод гэлдэрч явна.Би боддог юм хүн бүр дор дороо өөрийн гэсэн ухаалаг ганц зүйл хийхэд нийгмийн бараан асуудлаас цөөн ч болов хасагдах болов уу гэж.
-Гудамжинд явахдаа идсан чихрийн цаас,татсан тамхины иш,уусан ундаан саваа ил задгай хаядаггүй бол,
-Хүн бүр би биедээ чадхаараа тусалж,хэнийг ч ялгалгүй харьцдаг байвал,
-Хөгшид,ахмадаа өөрийн ээж шигээ хайрладаг болбол,
-Өнөөдрөө бус маргаашаа  ирээдүйгээ харж алхдаг бол,
-Хүн бүр өмнөө зорилготой,өөдрөг золбоолог байвал энэ нийгэмд өөр олон өнгө будаг холилдон хонгилын үзүүрт ирээдүйг харах гэрэл сүүдийх нь лавтай.
                        Улирал нь хүртэл дөрвөн янзаар солигдож ,эрс тэс уур амьсгал ноёрхдог миний монголын минь нийгэм нь хүртэл яагаад заавал адил байх ёстой гэж.Үүнийг эх орныхоо эзэд нь болсон бид л өөрчилж гэгээлэг болгож чадна.Дөрвөн улирлын өдөр бүхэндээ зовхи тэнэгэр золбоо хийморьтой,нийгмийн стрессгүй жаргалтай амьдрах цаг ирж байгаа гэдэгт би итгэж байна.Ирж яваа цаг сайхан.                                  

No comments:

Post a Comment