Sunday, May 12, 2013

Тэмдэглэл


Эзэн Чингисийн төрсөн нутагт ...
Зуны дэлгэр цаг ирж,хичээл сургууль тараад оюутан сурагч бидний хүсэн хүлээдэг зуны амралт эхэлсэн тийм сайхан цаг байлаа.Хөдөөгийн бор охин хотод суурьшин үе тэнгийн нөхөдтэйгээ мөр зэрэгцэн оюутан хэмээх алдрын эзэн болоод алхаж явах их аз завшаан.Ангийнхантайгаа таницаж дөнгөн данган ойлголцож явтал хэдийн 1-р ангиа төгссөн байх юм.Ингээд зуны амралтаараа ээж аав дээрээ очиж хөдөө нутгийнхаа цэнгэг агаарт өнгөрөөе гэж бодоод харих бэлтгэлээ хангаад унаа хүлээн хэд хонолоо.Миний сэтгэл гэж жаахан хүүхэд шиг гэгэлзэж,догдлоод ээж аав дээрээ очино гэхээс  эрхгүй баярлана.
Гэтэл гэрлүү явах өдрийн өмнөх өглөө эгч маань чи ерөөсөө хөдөө явж гэдсээилж ээж аавд эрхэлж амрахаар манай бааз дээр очиж ажил хий.Ядаж ээж аав хоёрт нэмэртэй,намар өмсөх хувцасны мөнгөтэй ч болчихно гэх нь тэр.Бүтэн өдөржин бодол боллоо.Нээрээ ч тийм дээ гэрт харилаа гэхэд ээж аавд туслах биш бүр дараа болно.Ээж надаар ажил хийлгэхгүй,аав бүр хир халдаахгүй надад өдөржин тэр хоёртоо нялхраад зуныг дуусгана даа гэж бодоод жуулчины баазад ажиллахаар шийдлээ.Ингээд эрх танхи дураар амрах амралт,ээж ааваа гэсэн хүслээ дурамчхан орхиод ажил хийж мөнгөтэй болох амаргүй замыг сонголоо.
Миний ажиллах газар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших “Хүннү-Хөдөө арал”  гэдэг жуулчны бааз байлаа.Хотоос бид 6-р сарын 3нд гарлаа.Өглөө эрт гарсан болоод ч тэрүү зам ойрхон санагдана.Баазын ажилчид жижиг автобусанд чихэлдэн сууцгаасан ч би эгчийн машинд даргын суудал дээр тухлаад их л таатай явав.Би багануураас цааш явж үзээгүй учраас замдаа таарсан элдэв сонин болгоныг сониучирхан ажиглана бас болоогүй ээ хэл загатнавал эгчээс байцаалт авчихна. Өдрийн хагас явсны эуэст Хэрлэн голын эрэг дээр ирж буудаллаа.Голын усанд толгойгоо норгоод жаахан хүүхэд шиг гол гатлан гүйлдэх дадлагын оюутнуудыг хараад гэнэт толгойд минь Чингис хаан бага насаа энд яг энэ залуус шиг дэггүйтэн Хэрлэн голын уснаас амны цангаагаа гаргаад явдаг байсан байхдаа гэсэн бодол зурсхийлээ.Сонин шүү наашаа явахынхаа өмнө Хэнтий явна л гэж бодож байснаас Эзэн Чингисийн нутагт очино гэж төсөөлөөгүйдээ өөрийгөө зэмлэнэ.Яасан азтай ,ямар завшаантай хэрэг вэ гэж дотроо баярлах бас бахархаж байлаа.
Удалгүй бид цааш хөдөллөө.Машинд сууснаас хойш эгчийгээ амар байлгасангүй.Бааз яг хаана нь юм,би юу хийх вэ,гээд элдэв зйл шалгааж явсаар Дэлгэрхаан сумруу ороод ирэх нь тэр.Сумаас хэдэн км-ийн цаана урт цагаан хашаан дотор өндөр өндөр баатруудын хөшөө цухалзана.Хараа хүрэмгүй уудам тал,тэртээд хөхрөн дуниартах уулс ...
Бид бааз руу ортол хашаан дотор хэдэн батрын хөшөө,манаачийн бор гэр ил хульхан хэдэн байшин угтлаа. Ачаа бараагаа буулган цай хоол болоод тэр өдрөө амсхийв.Би шөнөжин хэзээ жуулчин ирэх бол ийм ил хуль газрыг яаж 300-400 хүн хүлээн авдаг бааз болгоноо гэж санаа зовно.
Маргааш өглөө 6 цагаас эхлээд их ажил эхэллээ.Зохион байгуулагч Одноо эгчийн командаар босож цайгаа уугаад эрэгтэйчүүд гэр барих,эмэгтэйчүүд тавилга зөөх,цаваг хөшиг угаах ,татах үүрэг авцгаалаа.Өмнө нь хар бор ажил их хийж багаагүй надад өдөржин юм угаах том том цгсармал ор зөөх хэцүү бас шантармаар ажил байлаа.Тэр өдрөө бид 5 гэр барьж тохижуулав.Тусгай байшин 6 байдаг бөгөөд тэр нь нийтдээ 40 өрөөтэй,харин гэр 25-ийг барина.6 сарын 10 грэхэд эхний жуулчнаа авна гэсэн төлөвлөгөөтэй байлаа.Энэ маягаар өдөр хоногууд их ажил,эрч хүчээр дүүрэн өнгөрлөө.Гэрүүдээ ч цагт нь бариж дуусгалаа.Харин хамгийн том ажил нь үлджээ.10 ханатай аьарга том гэрийг барих ажил...Хэцүү ажил 2 хоног үргэлжилж баазын хашааны гол томоос том орд цагаан гэр сүндэрлэлээ.Би музей ч юмуу эсвэл жуулчин хүлээн авах газар болох байх гэж таамаглаж байтал тэр нь жуулчдын хооллох ресторан гэдэг байгаа.Бүр мэл гайхаж цэл хөхрөв.Тэгтэл менежер за энэ гэр өнөөдрөөс чиний оффис гэлээ.Учир нь би жуулчдад үйлчлэх,ххол зөөх үүрэгтэй зөөгч болсон болохоор тэр.Ингээд өнөө сүрлэг гэрийн эзэн нь би болох нь тэр.Дараа өдөр нь ”Угтан авах өрөөнөөс баазын гал тогоо хүртэл бүх зүйл эмх цэгцтэй яг л Чингис хаан Аураг их ордоо бариад тухалж буй мэт манай бааз үнэхээр сайхан тохижжээ” гэж баазын дарга үг хэлээд нээлтийн баяраа бид ижгэр сайхан тэмдэглэлээ.
Хэд хоног ажидчидынхаа хоолыг зөөгөөд жоохон туршлагатай ч боллоо Удалгүй эхний жуулчид ч ирлээ.Миний их ордод жуулчид өдрийн гурван удаа  хооллоно.Өглөө,Өдөр ,оройн хоол тус тусын цагтай цагаас өмнө ширээг европ маягаар засна.Яг л хотын том ресторанд байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.Өдөр бүрийн хийх ажил минь ижил гэрээ цэвэрлэнэ,ширээ сандлаа угаана гээд ажил дор дороосоо ундарна.Заримдаа хорь гучин хүнтэй байна,100 гаруй болно бүр наадмаар 300 хүрч насайг ажлаар дарна даа.Ингэсээр зуны зугаатай 3 сар дуусч ирээд буцсан хүн бүртэй найз бололцон тэрүхэндээ  хөөрхөн тип авсаар сэрүүн орж жуулчин багаслаа.Нэг өдөр баазад аялал жуулчлалын мэргэжлээрээ дадлага хийж байсан оюутнуудтай хамт ойр хавийн үзэсгэлэнт байгаль,түүхийн улбааг үзэхээр явлаа.Дэлгэрхаан сумын нутагт Хэрлэн тооно уул,Хэрлэн голын сав даган урсан Аварга рашаан,Чингис хааны тамганы хөшөө,Аварга тосон нуур,Хэрээ хад,Хүннү гүрний үеийн сүг зураг бүхий чулуун хөшөөнүүд гээд олон сайхан дурсгалууд түүхийг гэрчилэн үлджээ.Тэр бүгдийг үзээд өөрийн эрхгүй монгол хүн болж төрсөндөө,энэ нутагт азаар ирсэндээ баярлаж билээ.
Хэрвээ эгчийнхээ саналаас зөрж ээж аавдаа эрхлэхээр гэрлүүгээ харьсан бол би энэ их олон түүхийг,амьдралын ухаан,ажлын амтыг мэдэрч чадахгүй байсан болов уу.
Хотын нэг ил хуль цайны газар цай зөөж биш их эзэн Чингисийн нутагт харь орныхонд их түүх соёлоо суртчилан,өөрийн үзэж хараагүй сонсож дуулаагүй содон сайхныг анхны ажил анхны аялалаасаа олж авсан минь эгэл нэгэн оюутан миний хувьд их хувь заяа гэлтэй.

No comments:

Post a Comment