Tuesday, May 14, 2013

Минийх биш миний л эмээ



Монголууд бид их олон сайхан дуутай ард түмэн.Найр хурим , баяр наадам гээд бүхий л үйл явдалд зориулж  дуулж хуурдан хөгжицгөөдөг “дуу хуурын эх орон  билээ.Сүүлийн жилүүдэд дуучид уран бүтээлчид маань уран бүтээлийн арвин их ургацтай  байгаа бөгөөд түүндээ   бүхий л сэдвийг тусган дуулах болсон.Гэтэл тэр олон дуун дотор нь ээжээс илүү ачтай  эмгэн буурал эмээгээ магтсан , дурссан дуу гэж бараг үгүй гэхэд хилсдэхгүй биз.Тоочоод нэрлэе гэвэл ганц л “настан буурал эмээ гэдэг дуу л байх шив дээ.Үүгээрээ би эмээг дуулсангүй гэсэн санааг бус энэ их ачтай эмээ нараа хайрлаж хүндэтгэх хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлж байгаа юм. Та бүхэн гэгээн оюундаа тунгаан бодох болов уу.
Энэ дэлхий дээрх хүн бүхэн ээжтэй байдгийн адилаар бүгд л эмээтэй.Харин тэрхүү ачтангууд маань биднийхээ дэргэд  байгаа үгүйгээс л бид - би эмээтэй, эмээгүй гэж ярилцдаг.Намайг энэ ертөнцөд ирэхэд эмээ минь бурхадын оронд заларсан байлаа.Ингээд надад эмээ гэдэг буурал бурхандаа эрхлэх тохиол олдоогүй нь харамсалтай.
Өчигдөрхөн би ээжээсээ эмээгийнхээ тухай бичих гээд жаахан юм асуулаа.Гэтэл ээж:  “миний охины эмээ Ховд аймгийн Мянгад сумын уугуул Цэнд-Аюуш гэж насаараа нийтийн хоолны тогооч хийсэн хүн байлаа.  Амьтны үрсийг өөрийн хүүхэд шиг гэдэс цатгалан ,сэтгэл тэнэгэр явж байвал сэтгэл нь амардаг , тун ч шаламгай хүн байж билээ.Мянгад сумын 10-н жилийн сургуулийн гал тогоонд хамаг залуу насаа өнгөрөөсөн дөө хөөрхий” гээд нууцхан нулимсаа арчлаа.Урьд өмнө нь нэг ч удаа асууж байгаагүй болохоор ээж минь балмагдсан уу? эсвэл ээжид минь энэ түүхийг ярихад дэндүү хэцүү байсан уу? бүү мэд. Би цааш юу ч асуухыг хүссэнгүй. Ээжийнхээ нулимсыг хараагүй мэт инээмсэглээд хацар дээр нь зөөлөн үнсээд гарч одсон юм. Ингээд  эмээгийнхээ тухай мэдээлэл бараг олж чадалгүй буцсан даа..
 Гэвч надад эмээгээс минь дутхааргүй олон сайхан настангууд бий .Миний таньдаг, таньдаггүй  монголын минь бүхий л эмээ миний л эмээ гэж би боддог....                                                                                                 
Учир нь чиний , таны , бидний эмээ нар ганцхан өөрийн үр хүүхэд ,ач зээгийнхээ төлөө бус энэ улсынхаа , эх дэлхийнхээ бүхий л хүүхэд , залуусын төлөө өглөө бүр аагтай шаргал цайныхаа дээжийг өргөн  сайн сайхныг хүсэн “төрийн минь сүлд өршөөг гэж сүслэн  залбирдаг буянтай үйлийн эзэд.Иимээс тэр их хайр ,энэрэл нь над руу илчит нарны цацраг мэт дулаанаар ирдэг болохоор би намайг гэх олон сайхан эмээтэй хүн хэмээн сэтгэл өег суудаг юм.Тэд бидэнд ямар ч үнэ цэнээр олдоогүй атлаа үнэлж баршгүй ачтай миний дэргэд амилсан шүтээн минь юм даа.
Гэвч залуус бид заримдаа тэр их ачтангуудаа гомдоогоод байдаг гэдгээ  мэдэх үү?Үүний ганцхан тод жишээ нь бидний өдөр тутмын унаа болох автобусан дотор болж өнгөрдөг.Настай хүн орж ирээд суух суудалгүй арай ядан зогсож байхад залуус бид тоох ч үгүй хараад л сууж байдаг.Тэр зогсож буй буурлуудын дотор эмээ нар  бас л бий.Тэдэнд суудал тавиад өгөх ухаан бидэнд байхгүй гэж үү?Үгүй ээ,байгаа боловч залуус хүүхдүүдэд тэрхүү хүний төлөө гэх сэтгэл төлөвшөөгүйн  хар гай юм даа  гэсэн бодол толгойд минь гэнэт харван орж ирлээ.Учир нь би яг одоо автобуснаас бууж байна.Надтай зөрөөд нэгэн буурал эмээ автобус руу орлоо.Түүнд суудал тавиад өгчих ухаалаг,ухамсартай нэгэн байгаасай!Нэгэн ч бус надтай адил түүнийг өөрийн эмээ шиг санах олон олон хүн автобусанд суугаасай хэмээн хүсэж байна.
Бидний төлөө гэх тэр аугаа их хайрын эзэд болсон эмээ нарыгаа зөвхөн эсэргэн хаврын туулай цагаан сараар л ганц удаа бус энэ насаар нь хайрлан хүндэтгэж зав л гарвал заавал очиж үнсүүлж байгаарай.
Ээжээс минь илүү хайрлаж өсгөсөн
Элгэндээ наан тэвэрч бүүвэйлсэн
Энэ биеийг өдий хүргэсэн
Энгүй ачит эмээ нар минь урт наслаг.   
                              

No comments:

Post a Comment